WordPress гэж юу вэ?

WordPress гэдэг нь вэб хөгжүүлэхэд зориулагдсан CMS/Content Management System/ буюу агуулгыг удирдах систем юм. Програмын PHP хэл дээр бичигдсэн. CMS буюу агуулгыг удирдах систем нь вэбийн дизайн, текстэн мэдээлэл, зураг, видео мэдээлэл гэх мэт бүх төрлийн контент, өгөгдлийг зохион байгуулах, удирдах, нийтлэх боломжийг олгох бэлэн хэрэгслүүдийг агуулсан байдаг. Та CMS-ийг суулгаж, тохируулж, ашиглах боломжтой. Үүний тулд танд програмчлалын ур чадвар шаардагдахгүй. WordPress-т Админы самбар/Dashboard/ гэж байдаг бөгөөд та үүгээр дамжуулан вэбээ хялбар аргаар хөгжүүлж, удирдана. Энд код бичихгүйгээр эсвэл маш бага код бичин вэбээ өөрчлөх боломжийг олгодог. Урьдчилан хөгжүүлсэн бэлэн plugin-уудийг интернэтээс татан суулгаж вэбсайтынхаа ажиллагааг өргөжүүлэх боломжтой. Ерөнхийдөө WordPress нь мэргэжлийн бус хэрэглэгчдэд код бичихгүйгээр вэб хийх боломжийг олгоно гэсэн үг юм.
WordPress нь анх зөвхөн блог хөтлөхөд зориулан хийгдсэн боловч цаг хугацааны явцад бүх төрлийн вэбийг бүтээх боломжтойгоор хөгжиж ирсэн. Яг одоогийн байдлаар WordPress-ийг дэлхий даяар 60 сая гаруй вэб ашигладаг. 2021 оны 1-р сарын байдлаар Alexa.com-ийн эрэмбээр хамгийн их хандалттай 10 сая вэбсайт 39 хувийг WordPress дээр хийсэн вэбсайт эзэлж байна. Үүнээс харахад WordPress бол дэлхийн хамгийн алдартай агуулгыг удирдах систем юм. Код бичилгүйгээр вэбтэй болохыг хүсвэл WordPress-ийг ашиглаад үзээрэй.
